"Хаан үхсэн" буюу шатрын тухай сонирхолтой түүхүүд
- Publisher
- Apr 17
- 2 min read

Шатар нь эртний Энэтхэгээс гаралтай "chaturanga" хэмээх тоглоомоос үүсэлтэй ажээ. Чатуранга гэдэг нь 4 замын цэрэг буюу явган, морин, заан, тэрэгт цэрэг гэсэн утгатай юм. Нийтийн тооллын VI зууны үед Энэтхэгийн язгууртан, цэргийн хүмүүсийн дунд шатар хамгийн түгээмэл тоглоом байжээ. Улмаар хөрш зэргэлдээх орны хаад ноёдын сонирхлыг татан ордоны тоглоом болон дэлгэрсээр Персийн эзэнт гүрэнд "Шатрандж" нэрээр тархсан байна. Уг нэр сунжирсаар шахмат буюу персээр "Хаан үхсэн" гэсэн нэгэн утгыг илтгэдэг болжээ.
Персийн эзэнт гүрэнд эрчимтэй хөгжиж байсан шатар дундад зууны үеийн Европт дэлгэрээд хөгжил нь саарсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл X-XV зуун бол шатрын pуналтын үе байв. Феодал ангийн дарлал, католик сүмийн хэмжээгүй хаанчлалын үед шатар гэлтгүй урлагийн салбар хөгжихөд хүнд байжээ. Шатрын хөгжил улс орон бүрт соёл болоод нийгмийн мандал бадралтай холбоотой байсан юм. Гэхдээ хамгийн гол саад нь шатар тоглох дүрмэнд байлаа. Цаг хугацаа урагшилсаар хүн төрөлхтөн XVI зуунтай золгоход баруун Европт шатар сонгомол хэлбэрээ олж, хөгжлийн шинэ эрин нь эхэлсэн юм.
Шатар ордоноор хязгаарлагдалгүй жирийн ардын тоглоом болж, урагш 1 нүүдэг байсан хүү 2 нүүж, 3 нүүдэг эрхтэй байсан бэрс тал бүрт дураараа, тэмээ ташуу шугамандаа чөлөөтэй нүүж, ноёны давалт буюу сэлгээ бий болжээ. Шинжлэх ухааны салбар бүрт гарах нээлтийг даган хэвлэлийн технологи ч хөгжив. Улмаар өдрийг од шиг ховор "ном" хэмээх оюуны бүтээлийг олноор нь хэвлэн худалдаалах болжээ. Хэвлэлийн энэ хөгжил шатрын дүрэмд ч мөн өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, XVIII зууны үеийн нэрт шатарчин франц үндэстэн Франсуа Андре Даникан Филидор (1726-1795) шатар тоглох зарчим, аргуудыг боловсруулан онол гаргажээ. Тэрээр 1749 онд "Шатрын тоглолт, судалгаа" гэх ном хэвлүүлсэн нь тухайн үедээ анхдагч болж, бидний үед өвлөгдөн ирсэн юм. Харин шатрын дэлхийн анхны аварга Вильгельм Стейницээс шатрын шинэ түүх эхэлсэн гэж үздэг.
Хүн төрөлхтөн XIX зууны сүүлчээс дэлхийн аваргаа шалгаруулж, нэрд гарсан шатарчдыг "Маэстро" хэмээн цоллох болов. Шатрын гараа, нүүдэл ХХ зууны эхээр улам боловсронгуй болж, 1924 онд Олон улсын шатрын холбоог байгуулан дэлхийн 180 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн спортын томоохон төрлийн нэг болсон юм.


Comments